Skip links

“ХӨВСГӨЛ АЛТАНДУУЛГА” ХК 4 САЯ ГАРУЙ ЭНГИЙН ХУВЬЦАА НЭМЖ ГАРГАНА

 

Улаанбаатар/МОНЦАМЭ/.Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Хөвсгөл Алтандуулга” ХК нь нэмж гаргахаар төлөвлөж байгаа үнэт цаасны танилцуулгыг хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч нарт зориулан өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус компани нь нийт хувьцааны 28 хувийг олон нийтэд болон стратегийн хөрөнгө оруулагч нарт санал болгон худалдах бөгөөд татан төвлөрүүлэх хөрөнгөө газар тариалан болон гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авах, зээлийн эх үүсвэрийг бууруулах, эргэлтийн хөрөнгийн санхүүжилтэд зарцуулахаар төлөвлөжээ.

Тус компани дунд хугацааны бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх, компанийн санхүүгийн чадавхийг сайжруулах, гурилын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, компанийн үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг босгох зорилгоор 4 сая 405 600 ширхэг энгийн хувьцааг нэмж гаргах юм.

“Хөвсгөл Алтандуулга” ХК-ийн андеррайтераар “Бумбат Алтай ҮЦК” ХХК ажиллаж байгаа бөгөөд үнэт цаасны захиалгыг энэ сарын 8-16-ны өдрийн 13 цаг хүртэл авах аж. Үнэт цаасны дэлгэрэнгүй танилцуулгыг  http://mse.mn/uploads/images/adu_prospectus_final_20180706_tamgatai_1.pdf  дарж үзнэ үү.

Эх сурвалж: Монцамэ агентлаг