Бидний уриа
Сайн сайхны төлөө бүтээв
Эрхэм зорилго
Хүн амыг эрүүл хүнсээр хангахад дорвитой хувь нэмэр оруулж, хөрөнгө оруулагчдын хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлэн, олон улсад танигдсан, үндэсний тэргүүлэгч компани болно.
Бид хэн бэ
“Хөвсгөл Алтандуулга ХК” 1943 онд Тариалан САА нэртэйгээр байгуулагдаж үр тарианы томоохон аж ахуйн нэгж болон өргөжиж бүс нутгийн хүнсний хэрэгцээг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байсан түүхтэй.
Манай компани 7150 га эргэлтийн талбайд үр тарианы үйлдвэрлэл эрхэлж, 6500 тн үр тариа цэвэрлэж, хадгалах хатаалгатай механикжуулсан үтрэм, иж бүрэн засварын газар ажиллуулж жилдээ 3000 га уринш боловсруулалт хийж, 3000-4000 га үр тариа тариалж байна. Үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор уламжлалт технологиос тэг элдэн шүүлэгт шилжих шинэчлэл хийв. Орон нутагт үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин, хамтран ажиллаж байна.
Эрүүл, органик хүнс аливаа хүний амьд явах баталгаа, улс нийгмийн оршин тогтнох гол үндэс юм. Хүн амынхаа хүнсний хэрэгцээг дотоодын нөөцөөр хангадаг улс баян орны тоонд зүй ёсоор тооцогддог.
Байгаль цаг уурын өөрчлөлт нь бүс нутагт газар тариалан, уламжлалт мал аж ахуй эрхлэхэд сөргөөр нөлөөлж үйлдвэрлэлийн тогтвортой ажиллагаанд хүндрэл учруулж байгаа боловч шинийг эрэлхийлж, судалгаа шинжилгээний байгууллага, гадаад дотоодын түнш компанитай туршлага солилцож, эрсдэлийг бууруулж тогтвортой үйлдвэрлэлийг эрхэлж ажиллах шаардлага тулгарч байна.
Хөдөө орон нутагт хүн амын тогтвор суурьшилтай амьдрах нөхцлийг бүрдүүлж, хот суурин газарт нүүх их нүүдлийг зогсоож төвлөрлийг сааруулахад бүс нутагт үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлж тогтвортой ажлын байр, амьдрах орчинг бүрдүүлэх чухал ач холбогдолтой. Хөвсгөл аймгийн Тариалан сум улсын хэмжээнд хүн амын тоогоороо дээгүүрт ордог бөгөөд тус бүс нутагт эрчимжсэн аж ахуй байгуулах нэн тохиромжтой газар юм.
“Хөвсгөл Алтандуулга” ХК нь техник технологийн шинэчлэлийн урт хугацааны хөтөлбөр боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Гүйцэтгэх захирлын мэндчилгээ
Монголын Хөрөнгийн Биржэд бүртгэлтэй хүнсний үйлдвэрлэл, газар тариалан хосолсон Хөвсгөл Алтандуулга компани олон нийтэд хувьцаагаа санал болгож буйд баяртай байна. Манай компани 20 жилийн өмнө Тариалан сангийн аж ахуй хувьчлагдахад үүсгэн байгуулагдсан. Бид 55 жилийн түүхтэй, олон хүний хүч хөдөлмөрөөр бий болсон аж ахуйг зах зээлийн шилжилтийн хүнд цаг үед сэргээн босгож, бүс нутгийн хэмжээний томоохон хүнсний үйлдвэр болгон өргөжүүллээ.
Энэ хугацаанд газар тариалангийн техник тоног төхөөрөмжийн бүрэн шинэчлэл хийж, гурил, тэжээлийн үйлдвэрийг дэд бүтцийн хамт барьж байгууллаа. Түүнчлэн ажиллагсдыг сургаж дадлагажуулах ажлыг тогтвортой явуулсны үр дүнд инженер техникийн болон гүйцэтгэх түвшинд ажиллах хүчний дутагдалгүй боллоо. Энэ бүхний үр дүнд Алтандуулга брэндийн бүтээгдэхүүн орон нутгийн зах зээлд чанараараа танигдаж, гурилын үйлдвэрлэл маань тогтвортой, өрсөлдөх чадвар өндөртэй, өсөлтийн нөөц боломж ихтэй гэдгээ баталлаа.
Бид өөрсдийн дотоод нөөц боломжийг сайн дайчилж ажилласан. Компани ашигтай ажилласан жилүүддээ ногдол ашиг хуваарилахын оронд өөртөө хөрөнгө оруулалт хийж, түншүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хүндрэл бэрхшээлийг амжилттай даван туулж, хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийг 100 дахин өсгөж чадсан билээ.
Цаашид бид улсынхаа хүн амыг эрүүл хүнсээр хангахад жинтэй хувь нэмэр оруулж, хөрөнгө оруулагчдын хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлэн, олон улсад танигдсан, үндэсний тэргүүлэгч компани болохоор зорилт тавин ажиллаж байна. Одоо зах зээлээ тэлж, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулан, үйлдвэрлэлийн хэмжээг өсгөх боломжтой цаг үе ирээд байна.
Та бүхнийг Хөвсгөл нутгийн шимт хөрсний дээж болсон эрүүл хүнсний үйлдвэрлэлийг дэмжин бидний цаашдын хөгжлийн түүхийг бүтээлцэх таатай боломж хүлээж байна.
Бид та бүхний итгэлийг алдалгүй, сайн засаглалыг гол зарчимаа болгосон үндэсний тэргүүлэгч компаниудын нэг болох болно. Мөн өнөөдрийг хүртэл бидэнд итгэж хамт явсан хувьцаа эзэмшигчид, ажилтнууддаа талархал илэрхийлье.
Гүйцэтгэх захирал
Н.Одончимэг
Манай хамт олон
Тус компани нь нийтдээ 60 орчим мэргэшсэн ажилтан, ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулдаг. Компанийн бүтэц зохион байгуулалтыг 2017 оноос өөрчлөн, борлуулалт маркетингийн албыг бий болгосон. Компани чанар, ХАБЭА хариуцсан албыг бий болгохоор, мөн гурил тэжээлийн үйлдвэрт нэлээдгүй тооны ажлын байр шинээр бий болгохоор төлөвлөөд байна.
Компани ажиллагсадынхаа нийгмийн хамгаалал, цалин хөлсний бодлого, цалин урамшууллын системийг шинэчилж, 2018 оноос ажиллагсдын цалин, урамшууллыг нэмэгдүүлэх, ажиллагсдын нийгэм соёлын асуудал, сургалт хөгжилд зориулж компанийн цэвэр ашгаас сан байгуулсан бөгөөд энэхүү санг нэмэгдүүлэх, зарцуулах асуудлыг холбогдох бодлого, журмуудаар зохицуулдаг болсон.
Бүтэц
Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал, компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих дээд байгууллага нь төлөөлөн удирдах зөвлөл байна.
“Хөвсгөл Алтандуулга” ХК нь дараах бүтэц зохион байгуулалтын схемийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Компанийн дүрмээр компанийн ТУЗ нь 9 гишүүнтэй, гишүүдийг 2 жилийн хугацаатайгаар сонгодог.
Ололт амжилт
Уйгагүй хөдөлмөрийн үр шимээр “Хөвсгөл алтандуулга” ХК нь
- 2002-2013 “Шилдэг бүтээгдэхүүний өргөмжлөл”, “Хөвсгөл бренд” үйлдвэрлэгч
- 2004 “Хэрэглэгчийг хаанд өргөмжилсөн хамт олон” өргөмжлөл
- 2004 ХХААЯ-ны “Хүндэт өргөмжлөл” цом
- 2004 Монголын Тариаланчдын Холбооноос “Ургацын аварга” хамт олон
- 2004 Хөвсгөл аймгийн “Шилдэг ХАА” нэгж
- 2005 Улсын тэргүүний “Тариаланч хамт олон”
- 2006 аймгийн “Шилдэг техник технологи нэвтрүүлэгч” хамт олон
- 2006 “Шилдэг хөрөнгө оруулагч аж ахуйн нэгж”
- 2007 “Сумын тэргүүний татвар төлөгч ААН”
- 2009 БГ-115 ангиллын гурил “Хөвсгөлийн бренд бүтээгдэхүүн”
- 2010 Татварын ерөнхий газрын цом өргөмжлөл
- 2010-2012 Тариалан сумын “Бренд бүтээгдэхүүн”
- 2011 Хөвсгөл аймгийн ХАҮТ “ТОП-10” ААН
- 2011 Хөвсгөл аймгийн “Шилдэг хөрөнгө оруулагч”
- 2011 МХАҮТанхим “Entrepreneur 2011” шагнал
- 2011 Хөвсгөл аймаг ХЭАХН “Жилийн алдартан”
- 2012 Монгол улсын татварын албаны дээд шагнал
- 2013 Тариалан сумын шилдгийн шилдэг бүтээгдэхүүн
- 2013 Бүсийн бренд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч
- 2013 Хамгийн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч
- 2013 ХЭАХН Хэрэглэгчээ дээдлэгч шагнал.
- 2010,2011,2012,2014 “Шилмэл мал” алтан медаль
- 2015 Хөвсгөл аймгийн ХАҮТ “Гран При” шагнал
- 2016 Хөвсгөл аймгийн ЗДТГ шилдэг хөдөө аж ахуйн компани
Нийгмийн хариуцлага
“Хөвсгөл Алтандуулга” ХК нь эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, 300 сая төгрөгний татвар, хураамж, даатгалыг хуулийн хугацаанд барагдуулж, орон нутгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байна.
Бид нийгэмд хүлээсэн үүргээ биелүүлж, олон нийтийг эрүүл чийрэг, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хүүхэд залуусын гоо зүй, бие бялдрын хүмүүжилд тус дэм болж, үндэсний заншил, үнэт өв соёлыг түгээн дэлгэрүүлэх сурталчилах зорилгоор “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээтэй хамтран сондгой сар бүр өсвөрийн үндэсний бөхийн барилдаан зохион байгуулдаг.
Эрүүл мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг нийлүүлэхэд онцгой анхаарч “Таван Эрдэнэ” төсөл хэрэгжүүлж, хүүхэд залуучууд, өндөр настанд хандсан хандив, тусламж олгож, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Хамтын ажиллагаа
Бид дэлхийн стандартад нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг нийлүүлэхийн сацуу мөн хамтрагч байгууллагынхаа ашигтай үйл ажиллагаа болон эрэлт хэрэгцээг нэн тэргүүнд тавьж, харилцан ашигтай хамтын ажиллагааг нэн түрүүнд тавьж ажилдаг.