Монголын хөрөнгийн бирж “топ 20” индексийг шинэчиллээ

Монголын Хөрөнгийн бирж “Топ 20” индексийг шинэчилсэн байна. Компанийн зах зээлийн үнэлгээ болон арилжааны өдрийн дундаж гүйлгээ гэсэн хоёр үзүүлэлтийг харгалзан үзэж “Топ 20” индексийг шинэчилжээ. Ингэснээр шинээр “Айтүүлс”, “ЛэндМН”, “Монгол базальт” болон даатгалын хоёр компани “Топ 20”-ийн сагсанд ороод байна.

2018 онд энэ сагсанд байсан 11 компани хэвээр үлдэж, есөн компани нь шинэчлэгджээ. Үүнээс гадна компанийн үнэт цаас Монголын Хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжааны хоёрдогч зах зээлд жилийн нийт арилжааны өдрийн 20 хувиас доошгүй өдөрт арилжсан байх шаардлагатай байдаг. Эдгээр шалгуурыг хангасан компаниудыг “Топ 20” индексэд бүртгэхэд таван шинэ хувьцаат компани орж ирсэн байна. Өөрөөр хэлбэл өмнөх сагсанд багтаж байсан есөн компани хасагдаж, шинээр “Айтүүлс”, “ЛэндМН”, “Монгол базальт” болон даатгалын хоёр компани “Топ 20”-ийн сагсанд ороод байна. Мөн хуучин бүртгэлтэй байсан “Жинст Увс, “Хөвсгөл Алтан дуулга” компаниуд идэвхээ сэргээснээр “Топ 20” компанид багтжээ.

Харин өмнөх сагснаас уул уурхайн хэд хэдэн компани хасагдсан байна. Тухайлбал, “Адуунчулуун”, “Шарын гол”, “Шивээ овоо” компаниуд “Топ 20”-оос хасагджээ. “Адуунчулуун” компани 2017 оноос хойш буюу сүүлийн хоёр жилийн турш энэхүү индексэд багтаж байсан юм. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад эерэг үнэлгээ болдог “Топ 20” индексэд шинэ хувьцаат компаниуд орж байгаа нь зөв үлгэр дуурайлал бий болгож байна гэж салбарынхан үзэж байна.