ХӨВСГӨЛ АЛТАНДУУЛГА: 1 га-аас авах ургац сүүлийн 6 жилийн дунджаас 36 хувиар нэмэгдлээ.

Дотоодын улаанбуудайн жилийн хэрэгцээ 320 орчим мянган тонн байдаг бол гурил үйлдвэрлэгчид ойролцоогоор 280 мянган тонн улаан буудай худалдан авдаг байна. Өөрөөр хэлбэл 170 орчим тэрбум төгрөгийн улаанбуудайг худалдан авдаг ажээ.

Үүний 10 хувьд зээлийн хөнгөлөлт үзүүлэхэд 16.5 тэрбум төгрөг зарцуулахаар тооцоолсон талаар ХХААХҮ-ийн сайд мэдээллээ. Мөн Тариалан эрхлэлтийг дэмжих сан зээлийн төлбөрт хүлээн авах улаанбуудайг зэрэглэлээс хамаарч тариаланчдаас 520-600 мянган төгрөгөөр худалдаж авахаар болсон байна. Зээлийн төлбөрт суутгаж тооцох учраас гурилын үнэд өөрчлөлт орохгүй гэж албаныхан үзэж байгаа юм. Мягмар гарагийн байдлаар ургац хураалтын явц 73 хувьтай байгаа бөгөөд үр тариа, улаан буудайн дотоодын хэрэгцээг 100 хувь хангах боломж байна гэж үзэж байгаагаа ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Bloomberg”-д өгсөн ярилцлагынхаа үеэр онцоллоо.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг

Дотоодод үр тариагаа ургуулж, гурил үйлдвэрлэдэг “Хөвсгөл Алтандуулга” компани энэ хавар 3846 га талбайд улаанбуудай тариалсан байна. Ургац хураалт 30 хоног үргэлжилж энэ сарын 14-нд 100 хувь дууссан талаар тус компани мэдээллээ. Нийт 600 га талбайн буудай цасанд даруулснаар ургац хураалт төлөвлөснөөс тав хоног илүү үргэлжилсэн байна. Хэдий тийм боловч тус компани байгаль цаг уурын хүндрэлээс урьтаж ихэнх талбайн ургацыг хурааж амжсан учраас бага хохирол хүлээсэн талаар мэдээллээ.

Нийт 5.8 мянган тонн улаанбуудай хурааж га-ийн дундаж ургац 15.1 центнер болсон нь сүүлийн зургаан жилийн дунджаас 36 хувиар өндөр байгааг онцоллоо. “Хөвсгөл Алтандуулга” компани энэ жилийн улаанбуудайн чанарыг сайн гэж дүгнэж байна. Мөн шинэ ургацын буудайн гурилаа зах зээлд нийлүүлж эхэлжээ.

Б.Дөлгөөнзул

Холбоо барих: dulguunzul.b@bloombergtvmongolia.com

minjma.g@bloombergtvmongolia.com